-Би энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн шүүгчээр ажиллаж байна. Манайх иргэдэд зардал, чирэгдэлгүйгээр түргэн, шуурхай үйлчлэх зорилгоор шинээр байгуулагдсан шүүх. Байгуулагдаад гурван сар гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байна.
Хэргийг хурдан шийдвэрлэчихдэг, бидний эрхийг богино хугацаанд хангадаг юм байна, шүүх үйлчилгээний байгууллага болжээ гэдэг ойлголтыг иргэдэд өгөх, энэ хэрээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Мөн иргэд үйлчилгээ авч л байгаа учир нааш, цааш явахаас эхлээд зардал гарна. Ирээдүйд энэ зардлыг тэг болгох зорилготой. Шүүгч танхимдаа сууж байна. Хэргийн оролцогчид zoom гэх мэтчилэн сувгийг ашиглан цахимаар оролцож болно. Ингээд шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид мөн л цахимаар илгээнэ. Ер нь шүүхийн шийдвэрийг цаасан дээр хэвлэж буйг халах цаг нэлээд ойртсон гэж хэлж болно.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Тойргийн” гэдэг тогтолцоог хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Тэгэхээр том агуулгаараа бол манайх Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх. “Тойргийн” гэдэг үгийг хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй байх шиг санагдсан. Манайх нийслэлийн 6 дүүргийн эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэж байгаа. Иргэний 20, эрүүгийн 20 шүүгч, нэг ерөнхий шүүгчтэй.
Манай шүүх их урт нэртэй. “Хялбар ажиллагааны” гэсэн тодотгол нь хөнгөн хэргүүдийг энэ шүүхэд хуваарилдаг гэсэн үг. Эрүүгийн хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад л “Та ийм гэмт хэрэг үйлдсэн байна” гэхэд “Тийм ээ, би үйлдсэн” гээд хүлээн зөвшөөрч, тухайн хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, хохирол төлбөр төлсөн хэрэг. Гэхдээ хүн худлаа хүлээн зөвшөөрч байж болно. Тиймээс холбогдох нотлох баримтуудыг өөрөө цуглуулж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, хүн цохиод гэмтээчихсэн бол түүний хохирлыг бүрэн арилгачихсан. Хохирогч тал ямар ч гомдол, саналгүй болчихсон хэргүүд хялбар ажиллагааны шүүхэд ирдэг. Мэдээж мөрдөн шалгах ажиллагааны явцад айлган, сүрдүүлж хэрэг хүлээлгэсэн байна уу, үгүй юу зэргийг нотлох баримтаар тогтоосны дараа шүүгч хэргийг шийдвэрлэж байгаа.
Мөн эрүүгийн шүүхэд харьяалуулсан бүх төрлийн зөрчлийн хэргийг шийдвэрлэж байна. Гэр бүл, бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жагсаал цуглаан, олон нийтийн байранд танхайрсан гэх мэтчилэн гэмт хэрэг болохын наана байгаа, жижиг, хөнгөн зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг шийдэж байгаа. Би ажлаа хийхдээ Эрүүгийн болон Зөрчлийн гэсэн хоёр үндсэн материаллаг болон процессын хууль тогтоомжуудыг ашиглаж байна. Хулгайн гэмт хэрэг эрүүд ч бий, иргэнд ч бий. Хүний биед хөнгөн, хүнд хохирол учруулах тухай ч хоёуланд нь байгаа. Тэгэхээр эдгээр гэмт хэргүүдийн шинж юугаараа ялгаатай вэ. Гэмт хэрэг биш байхад эрүүгийн хуулиар зүйлчилчихсэн, хэргийн шинжтэй байхад зөрчил гэж үзсэн юм биш биз гэдгийг хянадаг.
Хэргийг хүний оролцоогүйгээр аль нэг шүүгчид санамсаргүйгээр хуваарилж байгаа. Миний таньдаг хүний хэрэг надад хуваарилагдах боломж 100 хувь хязгаарлагдсан гэсэн үг. Хэргийг автоматаар хэн нэгэн тохируулахаас л шударга ёс алдагдаж байдаг, иргэдийн итгэл ч эндээс унадаг.
Манайх шинэ шүүх учраас хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа. Жишээ нь иргэний хэргийн шүүгчид өнөөдөр 500-600 хэрэгтэй байна. Энэ зөвхөн эхний нэг улирлын тоо. Жилийн эцэст нэг шүүгч дааж, давшгүй хэрэгтэй болж магадгүй. Өдөр болгон нэг хэрэг шийдсэн ч 365 хоног хүрэхгүй. Өнгөрсөн гурван сарын хугацаанд нэг шүүгч 400 зөрчил шийдчихсэн байна. Тэгэхээр өдөрт 4-5 хэрэг шийдэж байна гэсэн үг. Шийдээд байгаа зөрчил нь юу юм бэ гэхээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гэр бүлийн маргаан гэх мэтчилэн асуудал.
Манай шүүхийн гол онцлог нь жижүүрийн шүүгч ажилладаг. Өглөөний 06:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл ээлжилнэ. Энэ нь амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ч манай шүүхийн хаалга хаалттай байхгүй л гэсэн үг юм. Хойшлуулшгүй баривчлах саналтай хэрэг гарлаа, цагдан хоръё, хязгаарлалт тогтоолгоё гэдэг санал орж ирэхэд “Маргааш шийдье” гэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлэгт заасан цагдан хорих, оршин суугаа газраар, гэрт нь, дүүргээр, Монгол Улсаас гарах эрхийг хязгаарлах гэх мэтчилэн таслан сэргийлэх арга хэмжээг манай шүүх шийдэж байна. Хүмүүс хэрэг хийгээгүй байхад хорьчихлоо, өвчтэй байхад хилийн хязгаар тогтоочихлоо, гадаад явж эмчлүүлмээр байна гэдэг шүү дээ. Энэ мэтчилэн хүний эрх хязгаарласан шинжтэй асуудлуудыг шийдэхэд шүүгчид хууль хэрэглээний болоод нийгмийн өндөр мэдрэмж шаардлагатай.
Шүүгчийн шийдвэрт хэзээ ч цахим орчин дахь олон нийтийн үзэл, хандлага нөлөөлөхгүй. Зөвхөн нотлох баримтад суурилж, хуульд захирагдаж л арга хэмжээ авдаг.