Бичмэл нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлэх тухай

Бичмэл нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлэх тухай

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү,Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шүүгчийн захирамжийн огноо: 2026.02.12-ны өдөр

Шүүгчийн захирамжийн дугаар: 197/ШЗ2026/17515

Шүүхийн процессын тоймын огноо дугаар: 2026.02.13 №1

Хэргийн төлөв: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн шүүхийн шийдвэрийн агуулгыг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.

Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч “Э” нь хариуцагч “Г” ХХК болон иргэн “Э” нарт холбогдуулан мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч “Э”-ийн зүгээс шүүх хуралдааны явцад хуульд заасан үндэслэлээр хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх захирамжаар ханган шийдвэрлэжээ.

Хариуцагч “Г” ХХК болон иргэн “Э” нар нь шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлэх үүрэгтэй. Гэвч нотариатаар гэрчлүүлээгүй англи хэл дээрх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг баримтыг хуульд заасан шаардлагад нийцүүлэн “монгол хэл”-д орчуулж, зохих журмын дагуу бүрдүүлэн ирүүлэхийг хүссэн. Мөн өмнө гарсан шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах хүрээнд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хууль ёсны гэж үзэн хангаж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 53 дугаар зүйлийн 1-д “Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна” гэж заасан. Тус иргэний хэрэг нь одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.

Тойм бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Бусад