Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.04.25-ны өдрийн 2025/ЗШ/8146 дугаар шийтгэвэр
Тоймын дугаар, огноо: 2025.04.25 №17
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Э.Ундрал нь зөрчил холбогдогч Т.Б, Т.Б нарт холбогдуулан зөрчлийн 2505001165 дугаартай зөрчлийн хэргийг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах саналтай тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Зөрчилд холбогдогч Т.Б, Т.Б нар нь 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Кастелла” зочид буудлын гадаа авто зогсоолын асуудлаас болж маргалдан олон нийтийн газар хэрүүл, маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчилд холбогджээ.
Шүүх зөрчлийн хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны санал, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зөрчилд холбогдогч нарын мэдүүлэг, тайлбар зэргийг харгалзан үзээд Зөрчилд холбогдогч Т.Б, Т.Б нар нь олон нийтийн газар нийтийн хэв журмыг зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчин бүдүүлэг үйлдэл гаргаж, хоорондоо үл ялиг, ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан Танхайрах зөрчил үйлдсэн гэж үзлээ.
Тодруулбал, Зөрчилд холбогдогч Т.Б, Т.Б нар нь 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Кастелла” зочид буудлын гадаа авто зогсоолын асуудлаас болж маргалдсан бөгөөд зөрчилд холбогдогч Т.Б нь зүй бус үг хэллэг хэрэглэж бусдыг хэл амаар доромжлон хэрүүл маргааныг бий болгосон, улмаар зөрчил холбогдогч Т.Б нь тоглоомон буу гаргаж түүнийг өдөөн хатгах, хэл амаар доромжлох зэрэг олон нийтийн газар хэрүүл, маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчилд үйлдсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж заасныг харгалзан мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч Т.Б, Т.Б нарт тус бүрт нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин