Нэр бүхий 4 яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Нэр бүхий 4 яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны

анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн огноо: 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр

Шийдвэрийн дугаар: 2025/ЦХШЗ/507-510

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Ж, Г.Г, Н.Г, Я.Б нарыг “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 

Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Ж, Г.Г, Н.Г, Я.Б нарт “...гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн.

 

Шүүх прокурорын саналыг үндэслэн явуулсан шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба прокурорын саналын үндэслэл болсон яллагдагч нарыг цагдан хорих дээрх үндэслэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч С.Ж, Г.Г, Н.Г, Я.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой баримт нь нууцын зэрэглэлд хамаарах тул нотлох баримтуудын агуулгын талаар шүүхийн шийдвэрт нээлттэй дурдах боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал