Шүүхийн нэр:Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар:2025 оны 02 сарын 26-ны өдрийн 582 дугаар захирамж
Санамж: Энэ хүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Д-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон бусадтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Авлигатай Тэмцэх Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагч Д.Д нарын 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, прокурор, яллагдагч түүний өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.Д-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзлээ.
Харин Д.Д-г бусад яллагдагч нартай уулзахыг хориглохыг яллагдагчид даалгах таслан сэргийлэх арга хэмжээний хувьд үндэслэл нь тодорхойгүй, прокурор ямар шалтгаанаар тодорхой хүнтэй уулзахыг хориглож байгаагаа нотлоогүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Яллагдагч Д.Д-ын хувьд гадаад улс руу зорчих, уулзалтад оролцох талаараа тайлбарлаж нотлох баримтыг ирүүлсэн боловч тухайн баримтууд нь орчуулга хийгдээгүй, нотариатын баталгаагүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж үнэлээгүй болно.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны
Анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа