Яллагдагч Д.Д-г Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хангаж шийдвэрлэв

Шүүхийн нэр:Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн дугаар:2025 оны 02 сарын 27-ны өдрийн 592 дугаар захирамж №6

Санамж: Энэ хүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Д-г Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус шүүхэд ирүүлсэн.

Яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс прокурорын саналыг хүлээн авч хангахаас татгалзах тухай санал, тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж холбогдох нотлох баримтын хамт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл тусгай зөвшөөрлөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын саналыг харгалзан шүүхийн зөвшөөрлөөр авч болно” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар уг таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх тохиолдолд хэрэгжих хугацаа нь тодорхой байх шаардлага үүсэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтуудтай танилцахад Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 27-ны 09 дугаартай тогтоолоор Д.Д-г Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны нарийн бичгийн даргаар ажиллахыг түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Шүүх хуралдааны оролцогчдоос гаргасан санал, тайлбарыг өрсөлдүүлэн дүгнэхэд прокурорын саналд таслан сэргийлэх арга хэмжээг авах хугацааг тодорхойлсон байх ба харин яллагдагч түүний өмгөөлөгчөөс гаргасан нотлох баримтад үндэслэсэн тайлбар дахь хугацаа нь хэзээ дуусаж болох нь тодорхой бус байна. Өөрөөр тайлбарлахад “түр хугацаа” нь богино буюу хэдэн өдөр, эсхүл 1 сар ч байж болох утгыг илэрхийлж байна.

Тухайн тогтоолд хэр хугацаагаар хэдий хүртэл албан тушаалаас нь түдгэлзүүлсэн болох талаар хугацаа заагаагүй нь тухайн албан тушаалтан хэдийд ч албан тушаалаа эрхлэх боломжтой гэсэн агуулгатай байна гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэв.

      

         Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны

                                            Анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баасанбат