Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.05.06 №19
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, мөн “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр сунгах санал ирүүлсэн.
Дээрх саналыг шүүх хянан хэлэлцээд тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ЦХШЗ/1267 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамжаар прокурорын саналд тусгасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Яллагдагч А.Д-ийн өмгөөлөгч О.А-аас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ЦХШЗ/1267 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчидгаргасныг хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах...” гэж хуульчилсан байхад яллагдагч А.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан буюу яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлээр сунгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул яллагдагч А.Д-ийн өмгөөлөгч О.А-ын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ЦХШЗ/1267 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун