Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.09.04 №2732
Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2025.09.07 №36
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Жич: Мөрдөн байцаалтын явцад гарч буй шүүхийн шийдвэрийн тойм тул хэргийн утга болон зүйл ангийг тусгаагүй.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Ц-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “... гэрч, гэмт хэрэг үйлдсэн хүнд нөлөөлсөн, ...”, мөн зүйлийн 1.3 дахь заалтад заасан “... хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, ...” гэсэн үндэслэлүүдээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргасныг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж заасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор “... хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, ...” гэсэн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг танилцуулсангүй.
Харин “... гэрч, гэмт хэрэг үйлдсэн хүнд нөлөөлсөн, ...” гэсэн үндэслэлд хамаарах нэг ширхэг нотлох баримтыг танилцуулсан боловч “нөлөөлсөн” гэх үндэслэлийг нотолж чадаагүй болно. Тодруулбал, тухайн нотлох баримтад “... хэргийн оролцогч нарт нөлөөлж болзошгүй ...” гэсэн ирээдүйд үүсэж болох нөхцөл байдлыг тусгасан байлаа.
Монгол Улсын олон улсын гэрээ болох НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр эрх чөлөөтөй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасаж болохгүй.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “Хүн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...” гэж тус тус заасан бөгөөд энэхүү үндсэн эрхийг хамгаалах зорилгоор Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх, эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол ... ял шийтгэнэ.” гэсэн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг эрүүжүүлэн хуульчилсныг мөрдөгч, прокурор, шүүх харгалзан үзэх учиртай.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч ... гагцхүү хуульд захирагдана.” гэж заасныг баримтлан шүүх яллагдагч Б.Ц-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа