Яллагдагч Ц.Чулуунзагдын өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.09.17ы өдрийн 2025/ЕШЗ/1504

Тоймын дугаар, огноо: 2025.09.17 №43

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраасяллагдагч Ц.Чулуунзагдыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэрэг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “..., эсхүл оргон зайлах, ...үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ЦХШЗ/2833дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

Яллагдагч Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Э.Туул, Б.Оюунбилэг, Ж.Эрхэмбаатар нараас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2025 оны 9 дүгээр сарын 17ы өдөр хянан хэлэлцээд дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун