Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо: 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Шийдвэрийн дугаар: 2026/3009/ЭХ/ШЗ/001554
Тоймын огноо, дугаар: 2026.02.27 №17
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Х.Т, П.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллагдагч Х.Т-д прокурорын уг тогтоолыг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Х.Т-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн бусад оролцогч болох гэрч Т.М, Б.Н нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргаж ирүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36 дахь заалтад “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг хэлнэ” хэмээн заасан байдаг.
Тийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон прокурор, шүүхээс тухайн яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохируулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээнээс сонгон хэрэглэдэг бөгөөд үүний гол зорилго нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй, хэвийн нөхцөлөөр явагдах боломжийг бүрдүүлэх зорилгыг агуулдаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулан прокурорын саналыг хянан хэлэлцэж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “яллагдагч Х.Т-г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгоор 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн бусад оролцогч болох гэрч Т.М, Б.Н нартай уулзахыг хориглох хязгаарлалт таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой баримт нь нууцын зэрэглэлд хамаарах тул нотлох баримтуудын агуулгын талаар шүүхийн шийдвэрт нээлттэй дурдах боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж