Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулиас:
65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;
65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;
65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.
65.2.Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.