Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл
-
А-6 Түрээсийн гэрээ
Бусад бүрдүүлбэр:
- Гэрээ
- Иргэний үнэмлэхний лавлагаа / ААН бол байгууллагын гэрчилгээний хуулбар
- ААН бол байгууллагыг төлөөлсөн эрх бүхий этгээдийн итгэмжлэл
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Бусад холбогдох баримт
Анхаарах зүйл:
- Шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 75.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд тус хуулийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэнэ.
- Нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд нэг удаа нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байранд байрлах "Гэрэгэ" киоск төхөөрөмжөөр төлнө.
- Цахимаар /цахим шүүх систем тун удахгүй/
- Өөрийн биеээр шүүхэд өгөх
Манай хаяг:
Утас: 77112383
Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж, “Олонлог эгзэ” сургуулийн зүүн талд
Имэйл:
scp-court@shuukh.mn
Манай байршил:
Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулиас:
65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;
65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;
65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.
65.2.Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.
-
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр Дугаар 197/ШШ2025/06989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Уйн нэхэмжлэлтэй, Хариуцагч: У нарт холбогдох,
12,092,050 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д....., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Золбаяр, хариуцагч Б......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Д..... нь хариуцагч Б......, Т...... нараас 12,092,050 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч Б...... нь автомашин түрээслэх гэрээгээр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Тоёота витз маркийн 2230УНЯ улсын дугаартай автомашиныг хоногийн 60,000 төгрөгөөр 3 хоногийн хугацаатай түрээсэлж, машинаа аваад явсан. Ингээд машиныг авчирч өгөхгүй, маргааш, нөгөөдөр гэж явсаар 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бид өөрсдөө олж авсан. Ингээд машиныг очиж авах үед машин асахгүй, дугуй нь хагарсан, яндан бусад эд ангиуд эвдэрсэн байсан. Машины эвдрэлийг Б...... болон түүнтэй хамт хэрэглэсэн гэх Н.Мөнххэрлэн, Т...... нарт хэлэхэд Т...... нь би төлнө өө гэж баталгаа бичиж өгсөн. 3 хоногийн түрээс 180,000 төгрөг, мөн хохиролд 200,000 төгрөгийг төлсөн. Иймд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 39 хоногийн төлбөрөөс 180,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл хоногийн түрээсийн төлбөр 2,340,000 төгрөг, машинд учирсан бодит хохиролд нийт 4,012,050 төгрөг, олох ёстой байсан ашиг орлогод 5,940,000 төгрөг, үүнээс 200,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн тул 5,740,000 төгрөг, нийт 12,092,050 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2.2 Хариуцагч Б...... нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Н.Мөнххэрлэн гэх хүн 2024 оны 08 дугаар сард машин барилцаад хөдөө яваад өгөөч гэсний дагуу очиж уулзсан. Тэгэхэд Н.Мөнххэрлэн ах машин түрээслэх гэтэл жолоодох эрхгүй гээд чи түрээсэлчих гэж гуйснаар би зөвшөөрч, түрээсийн гэрээ байгуулсан. Машин түрээслээд Шарын гол руу Н.Мөнххэрлэнгийн найз охин Т......гийн ээжийнд очсон. Тэндээ 6 хоноод хотруу ирээд, Н.Мөнххэрлэн намайг ...одоо харь, бид 2 энэ машины төлбөр тооцоог хийгээд хүлээлгэж өгнө гэснээр би тэр хоёрт машиныг үлдээгээд явсан...Гэтэл сар гарангийн дараа түрээсийн газраас надтай холбогдож, машиныг эвдэрсэн байхыг оллоо. Надтай ирж уулз гэсэн. Н.Мөнххэрлэн, Т...... нар хариуцах ёстой учраас Т...... төлбөр, хохирлыг төлнө гэж түрээслэгчид баталгаа бичиж өгсөн байсан. Энэ машиныг эвдэлж хэмхэлсэн хүмүүс нь өөрсдөө хэргээ хүлээгээд төлнө гэсэн тул тэр хүмүүс хариуцах ёстой... гэжээ.
2.3 Хариуцагч Т......д 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан ч тэрээр шүүхэд хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг утас /мессеж/-аар мэдэгдсэн ч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Золбаярын гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагч Т......гийн эзгүйд хянан шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч Д....., хариуцагч Б...... нар нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ гэх нэртэй, А/141 дугаартай гэрээг бичгээр байгуулсан гэж тайлбарлаж, тухайн гэрээ хэрэгт авагдсан ч гэрээнд түрээслэгч тал буюу хариуцагч Б...... гарын үсэг зураагүй байна. /хх-ийн 10-12-р тал/
Гэсэн ч талууд амаар гэрээний гол нөхцөл болох түрээсийн зүйл, гэрээний хугацаа, түрээсийн үнийн талаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талууд амаар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
3.2 Нэхэмжлэгч Д..... нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох Тоёота витз маркийн, 2230УНЯ улсын дугаартай автомашин нь И.Ганзориг гэх хүний өмчлөлийн зүйл бөгөөд бид хоёр автомашин түрээсийн үйл ажиллагаа эрхлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр И.Ганзориг нь надад тухайн автомашины түрээсийн үйл ажиллагаа эрхлэх үед гарсан аливаа асуудлаар шаардах эрхийг шилжүүлсэн... гэж тайлбарлаж байна.
Хэрэгт И.Ганзориг, Д..... нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ гэх нэртэй гэрээ авагдсан байх ба тухайн гэрээний удиртгал хэсэгт ...Д..... ...цаашид Б тал гэх, 1.3-т Б тал түрээслэхтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах байдлаар хариуцан зохион байгуулна..., 1.3.3-т түрээсийн төлбөр авах, 1.3.4-т ...түрээслэгчээс учирсан хохирлыг бүрэн шаардаж гаргуулах... гэж заасан, мөн хариуцагч нь шаардах эрхийн талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь тухайн автомашинтай холбоотой, түрээсийн төлбөр, хохирлыг шаардах эрхтэй.
3.3 Зохигчийн хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээгээр нэхэмжлэгч нь Тоёота витз маркийн, 2230УНЯ улсын дугаартай автомашиныг 1 хоногийн түрээсийн төлбөр 60,000 төгрөгөөр, 3 хоногийн хугацаатайгаар хариуцагч
Б.Бат-Эрдэнийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлж, хариуцагч нь автомашиныг ашигласны төлбөрийг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хөлслүүлсэн эд хөрөнгийг ашигласны төлбөрийг шаардах эрхтэй.
Талуудын тайлбараар хөлслүүлсэн автомашин болох Тоёота витз маркийн 2230УНЯ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б...... нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Д.....аас хүлээн авч, гэрээгээр тохирсон 3 хоногийн хугацаа өнгөрөхөд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байсаар тухайн автомашиныг нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрөө олж авсан болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч Б...... нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны 42 хоногийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Хариуцагч Б...... нь Т......гийн данснаас Б.Бат-Эрдэнийн гэрээний үүрэг, хохиролд 380,000 /180,000+200,000/ төгрөг төлсөн гэдэгт нэхэмжлэгч маргаагүй.
3.4 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дах хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, 289 дүгээр зүйлийн 289.1.1 дэх хэсэгт ...Хөлслөгч дараах үүрэг хүлээнэ...хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах..., 289.1.4 дэх хэсэгт хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс муутгахгүй байх, 289.1.5 дах хэсэгт гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгөнд учруулсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох Тоёота витз 2230УНЯ улсын дугаартай автомашинд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Буянт-Оюу ХХК-ийн УБ-3 /UB-3/ авто засварын газраар оношилгоо хийлгэж, автомашинд учирсан эвдрэл гэмтлийг тогтоолгож, уг эвдрэл гэмтэлд Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Дээрх баримтуудаар Тоёота витз маркийн, 2230УНЯ улсын дугаартай автомашинд 3,505,050 төгрөгийн хохирол, гэмтэл учирч, үнэлгээний ажлын хөлс 224,800 төгрөг, үзлэгийн ажлын хөлс 55,000 төгрөг, нийт 3,784,850 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байна. /хх-ийн 21-29-р тал/
3.5 Хариуцагч Б...... нь ...Тухайн автомашиныг би түрээслээгүй, Н.Мөнххэрлэн, Т...... гэх хүмүүст түрээсэлж өгсөн... гэж тайлбарласан ч анх нэхэмжлэгчтэй эд хөрөнгө хөлслөх гэрээний тохиролцоог хариуцагч Б...... хийж, хөлсөлсөн эд хөрөнгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул тухайн гэрээний үүрэг, хариуцлагыг тэрээр өөрөө хариуцах үүрэгтэй.
3.6 Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Т...... нь төлбөрийг төлж баталгаа бичиж өгсөн учир Т...... нь хамтран хариуцах ёстой гэж тайлбарлаж, Т......гийн бичсэн Баталгаа гэх баримтыг гарган өгсөн ч баримтанд Т...... нь гарын үсэг зураагүй, гараар бичсэн баримтыг хэн бичсэн нь тогтоогдохгүй байх тул дээрх баримт нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дах хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулсанд тооцох нөхцөлд нийцэхгүй байна.
3.7 Иймд эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлслүүлэгч тал буюу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж, хөлслөх эд зүйлийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн өгсөн ч хөлслөгч тал буюу хариуцагч нь тухайн эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд буцаан шилжүүлж өгөөгүй, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн, үүнээс үүдэн тухайн эд хөрөнгөнд хохирол учирсан байх тул хариуцагч Б......эс тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,505,050 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 224,800 төгрөг, үзлэгийн ажлын хөлс 55,000 төгрөг, 42 /42 хоног*60,000 төгрөг/ хоногийн эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр 2,520,000 төгрөг, нийт 6,304,850 төгрөг гаргуулахаас түүний төлсөн 380,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 5,924,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 6,167,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгч нь олох ёстой байсан ашиг орлого 5,940,000 төгрөгийг нэхэмжилсэн ч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.
3.8 Мөн нэхэмжлэгч Д....., хариуцагч Т...... нарын хооронд гэрээний болон хуульд зааснаар үүрэг үүсээгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 208,423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б......эс 109,747.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.....ын нэхэмжлэлтэй, Б......, Т...... нарт холбогдох, 12,092,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б......эс 5,924,850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.....т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,167,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Т......д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 208,423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б......эс 109,747.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.....т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН
-
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр Дугаар 197/ШШ2025/06624
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ гудамж, Х тоотод оршин суух хаягтай, ХХ ББСБ /РД:ХХ0000000 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ гудамж, Х тоотод оршин суух хаягтай, ХХ овогт ХХ-ийн ХХ /РД:ХХ00000000/-д холбогдох, 4,656,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХХ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г.Бгийн байрыг зуучлал хийж түрээсийн гэрээ байгуулсан. Т нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай байранд нь орсон. Гэрээний хугацаанд түрээслэгч Т нь гадаад улс руу явахаар болсон талаараа нэг сарын өмнө хэлж байрны эзэн түрээслэгч бид 3 уулзаж орон сууц хүлээлцэх акт үйлдэж түрээсийн гэрээ 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Түрээслэгч Т нь хугацааны өмнө гарч байгаа учраас барьцаа төлбөрөө үлдээж өөр түрээслэгч оруулах хүсэлт гаргаж бидний зүгээс түрээслэгч хайсан боловч өвлийн улирал байсан учраас шинэ түрээслэгч олдоогүй. Энэ талаар Г.Бд хэлэхэд “энэ нь миний асуудал биш танай асуудал байна. Түрээсийн гэрээний хугацаа дууссан цагт гэртээ нүүж орно. Түрээсийн мөнгийг буцаан өгөх боломжгүй” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбар үнэн зөв байна. Гэхдээ бидний зүгээс тухайн гэрээний хугацаа дуусах хүртэл байрандаа нүүж ороогүй. Манай гэрийн түлхүүр зуучлагч компанид байсан бөгөөд одоог хүртэл түлхүүр маань байж л байгаа. Миний зүгээс тухайн гэрээний хугацаанд орлого олох боломжтой байсан гэж үзэж байна. Мөн бүтэн жилийн хугацаанд холбоо тогтоогоогүй атал гэнэт манай гэрт шүүхийн мэдэгдэх хуудас шуудангаар ирсэн. Миний зүгээс түрээсийг төлж болох хэдий ч зуучлагч компани хариуцлага алдсан учраас тал төлбөрийг нь тодорхой хугацаанд хувааж төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 769,500 төгрөгөөр багасгаж, нийт 3,847,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Бд холбогдох 4,656,000 төгрөг гаргуулах тухай ХХ ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 769,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,847,500 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 89,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 44,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХ ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэг зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ
-
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр Дугаар 197/ШШ2025/05697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 5,307,092.56 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч А...... нь хариуцагч Н.........гоос түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Харин хариуцагч Н......... нь нэхэмжлэгч А......гээс орон сууцны хэрэглээний зардал болон бусад төлбөрт 5,307,092.56 төгрөгийг нэхэмжилсэн.
4. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
4.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийн байрыг сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, барьцаанд 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг гэрээ дуусгавар болоход надад буцаан өгөхөөр тохиролцож, гэрээгээ бичгээр байгуулсан. Байрыг түрээслээд амьдарч байх явцад уг байр хариуцагч Н......... гэх хүний байр биш болж таарсан учир би 2024 оны 12 дугаар сараас эхлээд хариуцагчийг тухайн байрыг түрээслүүлэх эрхтэй гэдгээ нотлохгүй бол хэний ч мэдэгдэхгүй байранд амьдрах боломжгүй гэж хэлсэн. Гэтэл хариуцагч нь байрыг түрээслэх эрхтэйгээ нотлоогүй бөгөөд манай охины байр гэж хэлээд, би гадагшаа явж байна гээд алга болсон. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 хүн ирж байрыг хүлээж авсан. Ингээд байр түрээслэх үйл явц дууссан учир би барьцаанд өгсөн 2,000,000 төгрөгөө авъя гэтэл хариуцагч Н......... нь түрээсийн гэрээний дагуу барьцааны 50 хувийг нь өгнө, 50 хувийг нь өгөхгүй байхаар хоёулаа тохиролцсон гээд өгөхгүй байгаа. Иймд миний түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
4.2 Хариуцагч нь хариу тайлбартаа ...Бид 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн, 24-2 тоотод байрлах, 1 өрөө байрыг түрээслэх гэрээг байгуулсан. А...... нь 2025 оны 01 дүгээр сарын 17-нд гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн учир гэрээг цуцалсан. А...... нь гэрээнд заасан хугацаанаас өмнө байрнаас гарсан тохиолдолд барьцаа төлбөр 2,000,000 төгрөгийн 50 хувь буюу 1,000,000 төгрөгийг түрээслүүлэгч авахаар тус гэрээний 17-д заасан байгаа. Мөн түрээсийн гэрээний 18-д түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн 5 дахь хоногт гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийн 50 хувийг түрээслүүлэгч суутгаж авна гэж заасан тул үлдсэн 1,000,000 төгрөгийг нь мөн гэрээний үүргийн зөрчилд тооцон суутгасан... гэжээ.
4.3 Хариуцагч Н......... нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн хоногийн мөнгө 400,000 төгрөг, орон сууцны хэрэглээний зардал болох 307,092.56 төгрөг, олон удаа түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдол бүрт оногдох төлбөрт 2,000,000 төгрөг, утасны төлбөр, тээврийн хэрэгслийн шатахуун, такси унааны төлбөр, зар сурталчилгааны зардал 100,000 төгрөг, өдрийн ажлаа алдсан цаг хугацаа, мөн сэтгэл санааны хохирол багтана. /Удаа дараа эрэгтэй хүнээр яриулж, дайрч доромжилж сүрдүүлж байсан/. 1 сарын 17-ноос хойш байраа түрээсэлж чадаагүй одоог хүртэлх түрээсийн төлбөр 2,600,000 төгрөг, нийт 5,307,092.56 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.
4.4 Хариуцагч Н.........д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
5.1 Нэхэмжлэгч А...... нь хариуцагч Н.........той 2024 оны 08 дугаар сарын 11-ний орон сууц түрээслэх гэрээг байгуулж, У*******,*******,, 24-2 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 1 өрөө байрыг сарын 2,000,000 төгрөгөөр түрээсэлж, барьцаа төлбөрт 2,000,000 төгрөг төлж, 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд тухайн орон сууцанд амьдарсан болох нь талуудын тайлбар, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 9-13-р тал/
5.2 Талуудын хооронд орон сууц түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж зохигчид тайлбарлаж, хавтаст хэргийн 7-8 дугаар талд түрээсийн гэрээ гэх бичгийн баримт авагдсан байх хэдий энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй, хуулбар баримт байх тул шүүх тухайн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
5.3 Нэхэмжлэгч нь орон сууц түрээслэх гэрээг 3 сарын хугацаагаар байгуулсан гэж, харин хариуцагч нь 1 жилийн хугацаатай байгуулсан гэж маргаж байх хэдий энэ талаар нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй байна.
5.4 Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нь тухайн байрны өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй, мөн эсэхээ нотлоогүй учир гэрээг цуцалсан гэж, харин хариуцагч нь нэхэмжлэгч нь гэрээний түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь хийгээгүйн улмаас гэрээг цуцалсан гэж тус тус маргаж байх хэдий ямар шалтгааны улмаас гэрээг цуцалсан нь хэрэгт байх баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.
5.5 Талууд түрээсийн үндсэн төлбөр төлсөн эсэх дээр маргаагүй. Харин түрээсийн гэрээний барьцаа 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь буцааж авах ёстой гэж, хариуцагч нь нэхэмжлэгч гэрээний хугацаанаас өмнө байрнаас гарсан тул барьцааны 50 хувийг суутгана, мөн түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн 5 дахь хоногт гэрээг цуцалж, түрээслүүлэгч барьцааны үлдсэн 50 хувийг суутгаж авна гэж гэрээнд заасан учир барьцааг бүхэлд нь суутгасан гэж маргаж байна.
5.6 Зохигчдын хооронд хийгдсэн хэлцлээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд амьдрах зориулалттай орон сууцыг шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
5.7 Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
5.8 Талууд орон сууц түрээсийн гэрээний барьцаа болгож, 1 сарын түрээстэй тэнцэх 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн. Энэхүү мөнгийг гэрээ дуусгавар болоход нэхэмжлэгч буцаан авахаар тохиролцсон гэх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн тохиролцоо хийгдсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дах хэсэгт Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
5.9 Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээний хугацаанаас өмнө байрнаас гарсан тул барьцааны 50 хувийг суутгана, мөн түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн 5 дахь хоногт гэрээг цуцалж, түрээслүүлэгч барьцааны үлдсэн 50 хувийг суутгаж авна гэж гэрээнд заасан гэж маргаж байх хэдий ч энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгуулийн агуулгад нийцээгүй байна.
5.10 Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.........гоос 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А......д олгож шийдвэрлэв.
5.11 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Н......... нь нэхэмжлэгч А......гээс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн хоногийн мөнгө 400,000 төгрөг, орон сууцны хэрэглээний зардал болох 307,092.56 төгрөг, олон удаа түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдол бүрт оногдох төлбөрт 2,000,000 төгрөг, утасны төлбөр, тээврийн хэрэгслийн шатахуун, такси унааны төлбөр, зар сурталчилгааны зардал 100,000 төгрөг, өдрийн ажлаа алдсан цаг хугацаа, мөн сэтгэл санааны хохирол багтана. /Удаа дараа эрэгтэй хүнээр яриулж, дайрч доромжилж сүрдүүлж байсан/. 1 сарын 17-ноос хойш байраа түрээсэлж чадаагүй, одоог хүртэлх түрээсийн төлбөр 2,600,000 төгрөг, нийт 5,307,092.56 төгрөгийг нэхэмжилж байна гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч тэрээр өөрийн хариу тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
Мөн хариуцагч Н.........гоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гарган өгсөн Төрийн банкны нэхэмжлэл гэх баримтууд нь А.Хонгорзул гэх хүний нэр дээр байх тул тухайн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар хамааралтай болох нь тогтоогдохгүй байна. /хх-ийн 25-29-р тал/
Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. Ийнхүү үнэлэхэд хавтаст хэргийн 7-8 дугаар талд авагдсан түрээсийн гэрээ, 37-39 дүгээр талд авагдсан баримтууд нотлох баримтын шаадлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 99,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан А......гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.........д холбогдох, 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.........гоос 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А......д олгож, хариуцагч Н.........гийн гаргасан 5,307,092.56 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46,950 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 99,863 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.........гоос 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А......д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН
- Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд товлосон цагт хүрэлцэн ирэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хэрэв шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй бол түүний эзгүйд шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй буцаах, хариуцагч ирээгүй бол түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагавартай.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаяг /оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим хаяг/-аа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, хэргийн оролцогчийн хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
- Хэргийн оролцогч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
- Шүүх мэдэгдэх хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
Нотлох баримт гаргах, бүрдүүлэх, нотолгооны процесс
- Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
- Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр орон нутагт байгаа учраас өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрч оролцуулах талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч нь хариу тайлбар гаргамагц шүүхэд гаргах эрхтэй.
- Тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй тул нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргахыг анхаарна уу.
- Хэргийн оролцогч та өмгөөлөгчөөс эрх зүйн туслалаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй.