МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
1,875,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б......, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,875,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний бие ........ ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, урьдчилгаа 1,250,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь ажлаа огт хийгээгүй тул урьдчилгаа төлбөр 1,250,000 төгрөг, гэрээний 6.1-т заасан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны хооронд хугацааны алданги 625,000 төгрөг, нийт 1,875,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.
2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Урьдчилгаа 1,250,000 төгрөгийг авсан. Ажлын 3 дахь өдрөөс манайх ажлаа хийж гүйцэтгэн, шилэн фасадыг тэгшилж байтал нэхэмжлэгч талаас барилгын стандартад нийцэхгүй шаардлага тавьсан. Ингээд ажлаа түр зогсоогоод ярилцахаар болоод байж байтал Б...... бид өөр хүнээр хийлгэхээр боллоо гэсэн. Манай компанийн 2 хүн, 2 өдөр ажилласан учраас 250,000 төгрөгийг хасаж өгнө гэтэл зөвшөөрөөгүй. Иймд манайх 250,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг өгөх боломжтой. Алдангийг зөвшөөрөхгүй ... гэжээ.
2.3 Талууд анх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний урьдчилгаа хөлс төлсөн талаар маргаагүй. Харин гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн эсэх, буцааж төлөх дүн дээр маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч Б...... нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн*******, Сэлбийн 4-21 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, сэндвичин барилгын шилэн фасадын ажлыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд, нийт 5,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр хариуцагч ........ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа 1,250,000 төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирлын дансруу шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.2 Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч нь тодорхой ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээсэн байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдсан байна.
Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, урьдчилгаа хөлс төлсөн гэж тайлбарлаж байх тул ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
3.3 Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан ажлыг огт гүйцэтгээгүй гэж, харин хариуцагч нь 2 өдөр, 2 ажилтнаа ажиллуулж шилэн фасадыг тэгшилсэн гэж тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч ажил гүйцэтгэсэн эсэх нь тогтоогдохгүй байна.
3.4 Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б...... нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 1,250,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
3.5 Харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болсон тул тэрээр анз шаардах эрхгүй.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д Гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 5 хувийн алданги төлнө гэж заасан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд нийцэхгүй байна.
3.6 Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ........ ХХК-иас 1,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 625,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 44,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Б......ийн нэхэмжлэлтэй, ........ ХХК-д холбогдох, 1,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ........ ХХК-иас 1,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б......д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 625,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 44,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН